Нийтлэгдсэн огноо: 2021/09/20
Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрладаг, дулаан хангамжийн төвлөрсөн системд холбох боломжгүй сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухнуудыг халж, хийн зууханд шилжүүлэн агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн төвийн халаалтад холбогдох боломжгүй 138, 102, 61, 136, 140, 124, 120, 6-р цэцэрлэгийн нүүрсэн галлагаатай нам даралтын халаалтын зуухыг буулгаж оронд нь сүүлийн үеийн хийн зуухнуудын технологийг нэвтрүүлээд байна. Хийн зуухны хүчин чадлыг сонгохдоо тухайн барилгын халаалтын тооцоот ачааллыг 25-30 хувиар өсгөж нөөцөд 2-3 тооны зуухтай байхаар тооцож суурилуулсан. Барилгын дулааны тооцоот ачаалал болон гадна агаарын температур -39 градус цельс байх үед барилгын халаах хэрэгсэлд өгөх усны температурыг +95 градус цельс, буцах усны температур +70 градус цельс байхаар тооцож NCB-52H, Титан бойлерын тоноглолыг сонгосон.
Ийнхүү хийн халаалтад шилжүүлснээр сургууль, цэцэрлэгүүдэд жилд дунджаар 3380 тонн нүүрс шатааж байсныг зогсоож, 4191.2 тонн хүлэмжийн хий, 165 тонн агаар бохирдуулах бодис, мөн хэмжээний агаар бохирдуулж уур амьсгалын өөрчлөлтөд хүргэгч хий, 538 тонн үнс, хатуу хаягдал Улаанбаатар хотын агаар, орчинд хаягдаж, агаар бохирдуулж, уур амьсгалын дулааралд нөлөө үзүүлж байсныг бууруулж байна. Мөн хүүхэд, багш, сургууль цэцэрлэгийн ажилчдын сурч, ажиллах орчин нөхцөл сайжирч, агаар орчны бохирдлоос үүдэх эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулсан бөгөөд дээрхи сургууль цэцэрлэгийн ойр орчмын айл өрхийн амьдрах орчин нөхцөл эрс сайжирч байгаа юм.
Энэхүү ажлын гүйцэтгэгчээр “ЮниГаз” ХХК ажиллаж байгаа бөгөөд, ашиглагч талуудад сургалт зохион байгуулж хийн хангамжийн тоног төхөөрөмж ашиглах заавар, зөвлөгөөг өгч цаашид хийн хангамжийн системийн өдөр тутмын ашиглалтын үед хяналт тавьж, хариуцан ажиллах боломжийг олгож байна.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ
ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05