Мэдээ, мэдээлэл

ХАН-УУЛ, БАЯНЗҮРХ ДҮҮРГҮҮДЭД 2000 ШИРХЭГ НҮХЭН ЖОРЛОН СУУРИЛУУЛАВ

Нийтлэгдсэн огноо: 2021/08/27

       Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг нэг гол зорилт болгон 2030 он гэхэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг хүн амын 60-аас доошгүй хувьд хүргэх зорилт тавиад байгаа. Гэр хороололд манай орны нөхцөлд тохирсон хямд өртөг бүхий эко жорлонгийн шийдлийг гаргаж, инновацийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлыг бууруулах нөхцөл бүрдэх юм.

     Энэ ажлын хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн  ХУД, БЗД-ийн гэр хорооллын 2000 айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэх ажлын гүйцэтгэлтэй Ажлын хэсгийнхэн  /2021.8.20/ газар дээр нь очиж танилцсан юм.

    Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Хэмжилзүй” ХХК шалгарч, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороодод нийт 1000 ширхэг, “Дархан нэгдэл”  ХХК  Баянзүрх дүүргийн 19, 21, 24, 27 дугаар хороодод 1000 ширхэг  нүхэн жорлонг тус тус суурилуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Бодит нөхцөл байдал:

   Гэрээт ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцахад айл өрхөд суурилуулсан нүхэн жорлон техникийн тодорхойлолтод заасан MNS 5924:2015 стандартын дагуу ялгадас хуримтлуулах нүх, шал, бүхээг, хаяавч, агааржуулалтын хоолой зэрэг үндсэн хэсгээс бүрдсэн байлаа.

    Техникийн тодорхойлолтын үндсэн үзүүлэлтэд заасны дагуу ялгадас хуримтлуулах нүхний хувьд суурилуулсан кольцо нь хөрсөнд нэвчилтгүй цутгамал бетон хийцтэй, нүхний гүн 1,8 метр, эзэлхүүн 3м3 , нүхний амсар бүхээгийн хананаас гадагш 25 см илүү гарсан, ачаалал даахуйц бетон цутгамал шалтай, удаан эдэлгээтэй, бүхээг нь төмөр рам зангидаж, нар, салхи, цас, борооны үйлчлэлд тэсвэртэй төмөр листээр хийгдсэн, битүүмжлэл сайтай хийгдсэн байна. Мөн бүхээгний дээвэр нь ус чийг нэвтэрдэггүй, удаан эдэлгээтэй байх шаардлагыг хангасан бөгөөд бүхээгний хаалга нь хөнгөн, бат бөх, цоожтой, дотор гадна бариултай, агаарын урсгал нэвтрүүлэх тортой хийгдсэн байна.

   Түүнчлэн суурийн нүхний амсар зай завсаргүй, энгийн, зориулалтын агааржуулалтын хоолойгоор тоноглогдсон, бүхээгийн дотор гадна талд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий /нарны зайн хураагууртай/ гэрэлтүүлэгтэй, өдрийн гэрэл нэвтрүүлэх цонхтой хийгдсэн байна.

   Нүхэн жорлон суурилуулсан айл өрхийн байршлыг задалж үзүүлвэл, ХУД-ийн 12 дугаар хороонд /Шувуун фабрик/ 850 ширхэг, 13 дугаар хороонд /Биокомбинат/ 150 ширхэгийг бүрэн суурилуулж, БЗД-ийн  21 дүгээр хороонд 170 ширхэг, 22 дугаар хороонд 160 ширхэг, 24 дүгээр хороонд 180 ширхэг, 27 дугаар хороонд 400 ширхэгийг бүрэн суурилуулж, ашиглагч айл өрхүүдэд  хүлээлгэн өгсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 91-100 хувьтай  байна.

     Гүйцэтгэгч компаниудын хувьд ажил гүйцэтгэх явцад зарим айл өрхүүд бетон кольцогоо хулгайд алдах, кабиныг дур мэдэж суурилуулах, нүх ухах явцад гүний ус их хэмжээгээр гарах, хад чулуу таарч тоног төхөөрөмж эвдэх, гудамж, хашааны байршил нь том оврын машин техник орж багтахгүй, зай талбай хумигдмал, зам талбай хаах зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байсныг дурьдаж байлаа.

                                            ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                 ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 

 

 

 


Facebook Twitter YouTube