News

НҮХЭН ЖОРЛОНГ АЙЛ ӨРХҮҮДЭД СУУРИЛУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Published date: 2021/08/11

     Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” арга хэмжээг хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг бууруулна” гэж, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн 4.1.10-т “Хот, суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгох” гэж заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос “Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх” 4 багц бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Үнэлгээний хороо байгуулан ажиллаж байна.

     Хөрсний бохирдлын 88 хувийг бүрдүүлж буй нянгийн бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн онд Нийслэлийн БЗД, ХУД-ийн гэр хорооллын 2000 айл өрхийн нүхэн жорлонг стандартын шаардлага хангасан, хөрсөнд нэвчилтгүй Эко жорлонгоор солих ажлыг эхлүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд  2021 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар нийт 1850 нүхэн жорлонг айл өрхүүдэд суурилуулан хүлээлгэж өгөөд байна.

     Мөн 2021 онд хөрсний бохирдлыг бууруулахаас гадна усны бохирдлыг бууруулах хүрээнд Туул голын сав газар дагуу эргээс 50-200 метрт орших буюу Нийслэлийн БЗД-ийн 11, 20, 21 дүгээр хороо, ХУД-ийн  4, 5, 6, 9, 10, 12, 13 дугаар хороодын нийт 4200 айл өрхөд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж суурилуулах хоёр багц ажлын гүйцэтгэгчээр   “Некст стандарт” ХХК, “Хоргын чулуу” ХХК шалгарч  өнөөдрийн байдлаар БЗД-ийн 21 дүгээр хорооны айл өрхүүдэд нийт 300 нүхэн жорлонг суурилуулан хүлээлгэн өгөөд  байна.

       Ийнхүү гэр хорооллын нүхэн жорлонг шинэчилснээр айл өрхийн шингэн лаг, бохир ус хөрсөнд нэвчиж, гадаргын болон газрын доорх ундны усыг бохирдуулахаас сэргийлж, хүн амыг гэдэсний халдварт өвчин, цусан суулга, халдварт шар, амьсгалын замын өвчин зэрэг олон эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх юм.

                                                                                     ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ

                                                                                                                      АЖЛЫН АЛБА

 


Facebook Twitter YouTube