News

АЙМГУУДЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ЯНДАНД УТАА ШҮҮГЧ СУУРИЛУУЛАХ АЖЛЫГ ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ

Published date: 2021/08/03

        Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх  ажлын хүрээнд Аймгуудын дулааны станцад утаа шүүгч суурилуулах ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооноос ОББҮХ/2020-08 тоот гэрээг “Кан Мэй Хуан Бао” ХХК-тай байгуулан эхлүүлсэн билээ.

        Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн “Ховд Дулааны Станц” ТӨХК, Увс аймгийн “Улаангомын Дулааны 2-р Станц” ТӨХК, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Дулааны Станц” ТӨХК, Орхон аймгийн Эрдэнэт хотын захын хорооллын сургууль, цэцэрлэгийн нам даралтын зууханд угсарч суурилагдсан утаа шүүгчийн тоног төхөөрөмжийг хүлээн авах, гэрээг дүгнэх үүрэг бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ оны /7.28-наас 8.1-ний өдрүүдэд/  орон нутагт томилолтоор ажиллаж утаа шүүх фильтерийн тоног төхөөрөмжүүдтэй газар дээр нь очиж танилцсан юм. Дээр дурдсан зорилтот төслийн ажлын хүрээнд гүйцэтгэгч компани 2020 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хугацаанд Ховд аймгийн Ховд Дулааны Станцын К2, К3-р зуух, Увс аймгийн Улаангомын Дулааны 2-р Станцын К1, К2-р зуух,  Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны Станцын К2, К3-р зууханд нийт 6 ком PPC96-3 маркийн утаа шүүх уутат фильтерийн тоног төхөөрөмжийг, Орхон аймгийн Эрдэнэт хотын захын гэр хорооллын 20, 17-р сургууль, 22, Яргуйт багийн цэцэрлэгийн нам даралтын нийт 8 зууханд DMC-48 маркийн утаа шүүх уутат фильтерийн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулсан  байна.

     Захиалагч тал буюу ОББҮХ-оос тавьсан шаардлагын дагуу Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын явуулын хөдөлгөөнт станцаас хийсэн шинжилгээгээр яндангаас агаарт хаягдаж буй үнс, тоосонцорыг 97 хувьтай шүүж байгаа гэсэн хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Ажлын хэсгийнхэн гэрээний баримт бичиг, ажлын даалгаварын хүрээнд хийгдсэн ажил тус бүрд /нийлүүлсэн тоног төхөөрөмж, ажил үйлчилгээ/ дүгнэлт гарган, ажил хийгдсэн ажлын талбай дээр очиж танилцан ажлын гүйцэтгэл нь холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хийгдсэн эсэхийг хянан гарсан зөрчил, дутагдлыг тогтоосон хугацаанд засварлаж, арилгах үүргийг гүйцэтгэгч компанид өгч ажиллалаа.

      Зураг 2. Ховд дулааны станцад ажилласан ажлын хэсэг шүүлтүүрийн хэвийн ажиллагаатай газар дээр нь очиж танилцах үед. Ховд дулааны станц

   Мөн гэрээний хүрээнд угсарч суурилагдсан утаа шүүгчийн тоног төхөөрөмжийг ашиглах гарын авлага, заавар зөвлөмжийг ашиглагч тал өгсөн бөгөөд дулааны станц болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, инженер, техникийн алба хаагчид болон тус аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, нэгжүүдийн удирдлага, мэргэжлийн салбар, нэгжүүдийн төлөөлүүдийг оролцуулан утаа шүүгчийн тоног төхөөрөмжийг угсарч, суурилсанаар тухайн орон нутаг цаашлаад станц, сургууль, цэцэрлэгийн ойр орчмын агаарын бохирдол хэрхэн буурсан тухай, ажлын үр өгөөж, цаашид агаар, орчны бохирдлыг буурлуулах талаар авах арга хэмжээний талаар санал солилцож,  гүйцэтгэгч компани болон ашиглагч талууд цаашид нягт хамтран ажиллах үүргийг Ажлын хэсгийнхэн өгсөн байна.

 

Зураг 3. Ховд дулааны станцад суурилуулсан PC96-3 маркийн утаа шүүх  уутат шүүлтүүрийг суурилуулсан  байдал, шүүгдсэн хаягдал тоос тоосонцор
   Дээрхи аймгуудад ажиллах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул ахлан, БОАЖЯ, ОББҮХ-ны Ажлын алба, МХЕГ, ОБЕГ, Эрчим хүчний хөгжлийн төв, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар / НАБТГ/-аас томилогдсон мэргэжлийн чиглэлийн алба хаагчид, мэргэжилтнүүд болон гэрээт ажлыг гүйцэтгэсэн “Кан Мэй Хуан Бао” ХХК-ийн удирдлага, инженер техникийн албан хаагчид  ажилласан аж.

 

                                                                   ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 

                                                                                                   АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube