Нийтлэгдсэн огноо: 2014/09/16
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс /цаашид “хязгаарлалтын бүс” гэх/-ийн хэсгийн ахлагч нар хариуцсан хорооны нутаг дэвсгэрт “Агаарын тухай хууль”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль” болон бусад холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас гаргасан хууль, тогтоомжийн шийдвэр, хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийг хангуулж ажиллахад оршино.
2. Хязгаарлалтын бүсэд орших хороодын хэсгийн ахлагч нь агаарын бохирдлыг бууруулах хяналтын орон тооны бус байцаагч байх бөгөөд бүсэд бүрэн хяналт тавьж ажиллана.
Хоёр. Орон тооны бус байцаагчийн хүлээх үүрэг
2.1. Орон тооны бус байцаагч нар хариуцаж буй нутаг дэвсгэртээ дараахь үүрэг хүлээнэ:
2.1.1. түүхий нүүрсний хязгаарлалтад хяналт тавих;
2.1.2. агаарын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, агаарын бохирдлыг бууруулах дүүргийн салбар хороо, БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”, улсын байцаагч нарын шаардсан судалгааг цаг тухайд нь гаргаж өгөх;
2.1.3. нийслэлийн төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд, олон нийтэд сурталчилан таниулах;
2.1.4. нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулж буй сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох, иргэдийг татан оролцуулах;
2.1.5. түлшний борлуулалтын үнэ, борлуулах үйл ажиллагаанд бүрэн хяналт тавьж ажиллах;
2.1.6. цахилгаан халаагуур, гэрийн дулаалга, хийн халаагуур, цахилгаан зуух, бүрэн болон энгийн шаталттай зуух худалдан авсан айл өрхийг тухайн авсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллах;
2.1.7. бүрэн шаталттай зуухыг хөнгөлөлттэй үнээр худалдан авсан тохиолдолд хуучин зуухаа яндангийн хамт зуух нийлүүлэгчдэд хүлээлгэн өгөх тухай иргэдэд мэдээлэл өгч хэрэгжилтийг хангуулах;
2.1.8. агаарын чанарт сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даруй мэдэгдэх;
2.1.9. цахилгаан болон хийн халаагуур, бүрэн болон энгийн шаталттай зуухны талаар иргэдэд таниулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;
2.1.10. БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-гаас иргэдэд олгох ваучерт хяналт тавьж ажиллах;
2.1.11.Түлшний борлуулалтын тооцоог өдөр бүр эцэслэж, борлуулагчийн орлогыг БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-нд тушаах.
Гурав. Орон тооны бус байцаагчийн эдлэх эрх
3.1. Орон тооны бус байцаагч нар хариуцаж буй нутаг дэвсгэртээ дараахь эрхийг эдэлнэ:
3.1.1. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль болон эрх зүйн актын хэрэгжилтийг хангах үүднээс шаардлага тавих;
3.1.2. агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;
3.1.3. иргэн аж ахуйн нэгж, байгууллагад цахилгаан халаагуур, гэрийн дулаалга, боловсруулсан түлш, бүрэн шаталттай зуух, хийн халаагуур зэргийг хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих;
3.2. Орон тооны бус байцаагч түлш жижиглэн борлуулах үйл ажиллагаа явуулж болно.
Дөрөв. Орон тооны бус байцаагчдад урамшуулал олгох
4.1. Орон тооны бус байцаагчид халаалтын 8 сарын турш нэг сард 50 /тавин/ мянган төгрөгийн урамшуулал олгох бөгөөд ажлын гүйцэтгэлээс шалтгаалж дүүргийн Агаарын бохирдлыг бууруулах салбар хороо шийдвэрлэнэ.
Тав. Үүрэг, хариуцлага
5.1. Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд “Агаарын тухай” хуулийн 26 дугаар зүйл, “Агаарын төлбөрийн тухай” хуулийн 10 дугаар зүйл, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийн 14 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05