Утаан дундаас сийрэх нэгэн бодол

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол мөддөө буурахгүй бололтой. Учир нь буруу замаар будаа тээнэ гэдэг шиг хэдэн жилийг ардаа орхилоо, цаашид ч ахиц дэвшил харагдахгүй аж. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос байсхийгээд агаарын чанарын асуудлаар мэдээлэл өгдөг, хийж амжуулж байгаа ажил олон бий л гэх. Тэдгээр олон ажлын үрээр хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад 40 хувиар, агаар дахь азотын давхар исэл 26 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 28 хувиар, том ширхэглэгт тоосонцор 33 хувиар багассан үзүүлэлт гараад байгаа гэнэ. Гэвч энэ бүхэн нь стандартад заасан  хэмжээнээс 1,6-2,7 дахин их байсаар байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрсөөр…

 

Үнэндээ бас хийгээд байгаа ажил олонтой л юм. Харагдаж байна. 2013-2014 онд гэхэд 45 000 хөнгөлөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс 29 000-ыг нь түгээжээ. Энэ намар нэмж 22 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193 000 айл өрхийн 170 000 нь сайжруулсан зуухтай болж байгаа гэнэ. Стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

 

Чухам л энэ л хэрэгтэй байгаа юм, дундаас нь шинэ технологи нэвтрүүлнэ гэх найдвар төрүүлсэн ганц л зүйл сонсогдож байна! Хуучнаараа бол бүтэхгүй ээ, нөгөө л сайжруулсан түлш, зуух энэ тэр гэсээр олигтой үр дүнд хүрэхгүй цаг хугацаа алдаж байгаагаа бодмоор юм. Харин үр дүнтэй арга хэмжээ авахын тулд шинэ технологи л хэрэгтэй. Тэр технологи нь ч байна. Ямар манайх байгаа биш, хөгжингүй орнуудад энэ чиглэлээр өчнөөн судалгаа шинжилгээ хийж, бүтээж босгосон техник технологи байдаг. Тэр нь шатдаг хийгээр ажилладаг цахилгаан үүсгэгч генератор. Дөрөв таван айлын амины орон сууцны дунд ганц тийм генератор байхад гэрэл цахилгаан, халуун дулаан бүгдийг нь шийдчихээд илүүдэл эрчим хүчээ цахилгаан станцад борлуулчихдаг, хэрвээ цахилгаан автомашинтай бол цэнэглэчихдэг, ирээдүйгээ харсан байгалийн цэвэр орчин бүрдүүлэх шийдэлтэй технологи нэгэнт дэлгэрч байна.

 

Чухам энэ асуудал дээр Монгол улсын засгийн газар анхаарч хэдэн жилийн өмнөөс зохих шийдвэрт хүрч байсныг өнөөдөр бид харин мартаад байх шиг. Улсын их хурлын 2008 оны 12 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 3.4.6-д “нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн судалгааг хийх, бүтээгдэхүүн худалдан авах болон төрийн санхүүжилтэд Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг судлах, хууль тогтоомжийн дагуу хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих”–ээр, 3.4.8-д уламжлалт бус эх үүсвэрээс /нүүрсний давхаргын метан, занар, байгалийн битум, тослог элс гэх мэт/ өндөр технологийн аргаар байгаль орчинд ээлтэй шингэн болон хийн түлш боловсруулах асуудлаар мэргэжлийн төрийн болон судалгаа, шинжилгээний байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үүсгэл санаачилгыг дэмжиж, үр дүнд хүргэхээр заасан байгаа.

 

Нөгөө генераторт хийх түлшний асуудлыг Монгол улсын ерөнхий сайд БНХАУ-д өнгөрсөн жил айлчлахдаа шийдчихсэн учраас энэ технологийн эрчим хүчний эх үүсвэртэй болвол төрийн төсөв, хүн амын орлого зэрэг олон асуудалд ач тус нь хүрээд зогсохгүй өчнөөн жил улигласан агаарын бохирдлын асуудлыг нэгмөсөн шийдчихэнэ гэсэн үг.

 

Ерөнхий сайдын  айлчлалаар Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын хэлэлцээр болон хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг үндэслэн гурван санамж бичигт холбогдох байгууллагын төлөөлөл гарын үсэг зурсан билээ. Санамж бичгүүдийн дотор, Уул уурхайн яам, Хятадын газрын тос-химийн “SINOPEC”- корпорацийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, шатдаг хийгээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго тавьсан. Одоо нэгэнт ажил хэрэг болж эхэлсэн энэ үйлдвэр эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдөөд байгаа. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана, үйлдвэр болон салбар аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 20 мянга орчим хүн ажлын байраар хангана гэсэн тооцоог Уул, уурхайн яамнаас гаргаад байгааг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооныхон анхаарч үзсэн байлгүй.

 

Энэ төрлийн түлшээр эрчим хүч, дулаан гарган авах замаар нийслэл хот, аймаг, сумын төв, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Наад зах нь түлшиндээ мод их зарж, Монгол орны ойн нөөцийг сүйрүүлж, цөлжилтын хүрээ улам бүр ихсэж байгаа нөхцөлд байгаль очноо хамгаалах хамгийн завшаантай боломж гэж үзэх хэрэгтэй юм.

 

Нүүрсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог арвин их нөөцтэй манай орны хувьд эрчим хүчний хэрэгцээгээ нүүрснээс гарган авсан шатдаг хий, газрын тосны бүтээгдэхүүнээр бүрэн хангаад зогсохгүй илүү гарсаныг нь гадаадын зах зээлд экспортлогч байх бодлого зүй ёсоор тавигдана.

 

Монгол гэр хоногт 5-6 кВт, амины орон сууцанд 6-8 кВт цахилгаан хэрэгтэй байдаг. Энэ хэмжээний хэрэглээнд айл өрхүүд нам даралтын зуухандаа 150 мянга, цахилгаан зууханд 225 мянган төгрөгийн зардал гаргаж байгаа судалгаа гарчээ. Эдгээр дарамтыг хөнгөвчлөхийн тулд харин Засгийн газраас гэр хорооллын өрхүүдийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг ерэн хувь хөнгөлөх асуудлыг тусгасан хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. УИХ хуулийн төслийг хэлэлцэн баталлаа гэхэд төсвөөс гарах зардал ихэснэ. Түр зуурын амь тариа л гэсэн үг. Тиймээс илүү үр ашигтай, хожим хойтохоо харсан шинэ технологийн асуудалд л анхаармаар байна. Тэр нь шатдаг хийн түлшээр ажилладаг цахилгаан үүсгүүр гэдгийг төгсгөлд нь дахин хэлье.

 

Эх сурвалж: Mongolcom.mn

Сэтгүүлч Л.Отгонбат

2014 оны 10-р сар 20

 


Facebook Twitter YouTube