“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАРИМ АЖЛЫН БАЙРЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ НӨХЦӨЛД ТООЦНО

Нийтлэгдсэн огноо: 2022/08/24

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАРИМ АЖЛЫН БАЙРЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ НӨХЦӨЛД ТООЦНО

✅“Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа.

✅Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм. Тэрбээр “Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр 2021.10.25 – 2021.11.02 – ны өдрийг хүртэл 21 ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгүүлэн, ирүүлсэн зөвлөмж, тайланд үндэслэн гүйцэтгэх захирлаар батлуусан ажлын хэсэг, удирдамж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна.

✅Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх 92 ажлын байранд 1793 ажилтан байгаагаас 2022 онд 30 ажлын байранд үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.

✅Дээрх ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийг Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулснаар эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах судалгаа байгаа юм.

✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хүнд хүчир ажлыг амаргүй нөхцөлд хийж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцлийг тодорхой болгох асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй байгааг холбогдох салбарынханд уламжлав.

✅“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдын зарим ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх, амралтын хугацаа уртсах боломжтой юм.

✅Хөдөлмөрийн үндэсний зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж Тавантолгой түлш ХХК-ийн зарим ажлын байр, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 


Facebook Twitter YouTube